Jet Secondary school

  • Building 505, Time square, Khan-Uul district

  • 7755 8899 PHONE NUMBER

  • info@jetschool.edu.mn Email Address

Лууван уу? Саваа юу? Зүрх үү?

Лууван уу? Саваа юу? Зүрх үү?

           Он цагийн эрхээр олон зүйлс хувьсан өөрчлөгддөгийн адилаар хүүхэд хүмүүжлийн арга барил ч гэсэн өөрчлөгдөж байна. Тухайлбал, дээхэн үед хүүхэддээ хаа нэг “таван салаа боов” амсуулах хэвийн үзэгдэл байсан бол өнөө цагт хүүхдийн эрхийн асуудал хурцаар тавигдаж хүүхэддээ хатуу шийтгэл үзүүлэхийг хориглох болсон. Бүх цаг үеийн ээж аав нар хүүхдээ өсгөхдөө урамшуулж байсан нь гарцаагүй. Гагцхүү хүүхдээ урамшуулна гэдгийг нь зөвхөн эд зүйл, чихэр шоколадаар төсөөлдөг байсан үе саяхан. Гэтэл энэ биет урамшууллын хэлбэр одоо цагт ач холбогдолгүй харин ч бүр хүүхдэд хортой гэж үзэх болсон.  Тэгэхээр уламжлалт хандлагаар бол эцэг эхчүүд хүүхдээ сайн зүйл хийсэн бол лууван өгөх буюу урамшуулж, муу зүйл хийсэн бол саваадах буюу шийтгэл үзүүлж тухайн зан үйлийг бэхжүүлэх эсвэл зогсоох арга хэмжээ авах хэрэгтэй гэж үздэг байв.

            Орчин үед хүүхдийг нөхцөлгүйгээр хайрлах үзэл хандлага ихэд дэлгэрч байна. Энэ нь хүүхдийг байгаагаар нь хүлээж авах, сайн харилцаатай байх тухай бөгөөд хүүхдээ хүмүүжүүлэхээс өмнө өөрийгөө хүмүүжүүлэх асуудал мөн яригдана. Үүнийг илүү ойлгохын тулд нэг жишээ авч үзэе. Таны хувьд маш үнэ цэнтэй аягыг чинь хүүхэд чинь унагаагаад хагалсан гэж төсөөлье. Уламжлалт хүмүүжлийн арга баримталдаг ээж хүүхдээ загнах зэмлэх, эсвэл гадаа гарах эрхийг нь хасах эсвэл цохиж магадгүй юм харин орчин үеийн хүмүүжлийн арга баримталдаг ээж “гараа бэртээгээгүй биздээ, аяга маань хагарсанд харамсалтай байгаа ч чамдаа маш их хайртай хэвээрээ, болгоомжтой барьж явж байгаарай” гэж хэлээд тэврэх юм. 

            Эцэст нь, сэтгэл судлаач хүний хувьд орчин үеийн болон уламжлалт хүмүүжлийн аргыг хослуулан ашиглахыг санал болгож байна:

Лууван буюу урамшуулал үзүүлэхдээ материаллаг гэхээс илүү сэтгэл санааны дэмжлэг үзүүлэхэд анхаарах хэрэгтэй. Энэ нь үнсэх, тэврэх, хамт тоглох, сайшаах, сайн зан чанарыг нь хэлэх гэх мэтээр урамшуулах нь хүүхдэд хамгийн сайхан бөгөөд хамгийн сайн нөлөөтэй шагнал байдаг. Мөн урамшуулахдаа үнэн бодитой, чин сэтгэлээсээ байхад анхаараарай. Хий хөөргөх эсвэл чин сэтгэлийн бус урамшууллын үнэ цэнэ алдагдаж, хүүхдэд нөлөөлөхгүй болж мэднэ.

Саваа буюу шийтгэлийн тухайд буруу үйлдэл бүрт шийтгэл оногдуулах хэрэггүй. Хүүхэд шийтгэлд дасаж тоохоо больдог. Шийтгэл хүлээлгэх шаардлагатай гэж үзвэл хүүхдэд муу зүйл хийж шийтгэж байснаас дуртай зүйлийг нь хязгаарлах байдлаар шийтгэсэн нь илүү дээр байдаг. 

Зүрх буюу нөхцөлгүй хайр нь хяналтаа багасгаж хүүхэдтэйгээ бат бөх, эрүүл харилцаатай байхад анхаарах ба нөхцөлгүйгээр хайрлагдсан хүүхэд хэзээ ч ээж аавынхаа итгэлийг алдахыг хүсэхгүй юм.

За ингээд хамгийн сүүлийн асуултуудыг танд үлдээе. 

  • Та хүүхэддээ хэр хэмжээний лууван, саваа, зүрх өгч байна вэ?
  • Лууван, саваа, зүрхний харьцаа ямар байх хэрэгтэй гэж та үзэж байна вэ?
  • Таны одоо баримталж буй хүмүүжлийн аргад аль нэг нь байхгүй эсвэл ихдээд байгаа юм биш биз?